Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Монгол Улс нь газар нутгийн хувьд Ази тивийн тав дахь том улс бөгөөд Төв Азид БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Нутаг дэвсгэр нь ойролцоогоор Аляска муж болон Баруун Европын газар нутагтай ижил хэмжээтэй бөгөөд зэс, алт, уран, нүүрс зэрэг эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Улаанбаатар хотоос өмнө зүгт 500 км зайд Өмнөговь аймгийн нутагт орших Оюу Толгой нь дэлхийн хэмжээнд ашиглалтад хараахан ороогүй байгаа зэс-алтны хамгийн том ордуудын нэг юм.

Оюу Толгой дахь хайгуулын түүх

Оюу Толгойн нөөцийн бүсэд хэвийн бус геологийн тогтоц байгааг анх тодорхойлсон геологич тус улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны барууны геологи хайгуулын компани болох "Магма Коппер"-ыг 1996 онд Оюу Толгойтой танилцуулжээ. "Магма Коппер" компанийг удалгүй худалдан авсан "БиЭйчПи Биллитон" компани тухайн нутагт хайгуулын үйл ажиллагаагаа зогсооход Рио Тинто томоохон хувьцаа эзэмшигч нь болох Түркойз Хилл Рисурс (хуучнаар Айвенхоу Майнз) компани хайгуул хийхээр болсон нь дөрвөн том нээлтийн эхлэлийг тавьжээ.

Нээлт 1: Өмнөд Оюугийн орд

Гүний эрдэсжилтийг шалгах зорилгоор  2001 онд  гурван удаагийн өрөмдлөг хийснээр 508 метрийн гүнд дунджаар тонн тутамд 0,81 хувь зэс, 1,17 грамм алт агуулсан баялаг сульфидийн эрдэсжилтийг илрүүлсэн байна. 2002 онд дахин өрөмдлөг хийснээр энэхүү шинэ бүсийн эрдэсжилтийн цар хүрээг шалган баталгаажуулж, нийтдээ хүдрийн дөрвөн биетээс тогтсон бүлэг орд болохыг тогтоожээ.

Нээлт 2: Хьюго Дамметын орд

2002 оны сүүлээр хийсэн хяналтын өрөмдлөгөөр Түркойз Хилл Рисурс (хуучнаар Айвенхоу Майнз)  компанийн Оюу Толгойн лицензийн талбайн хамгийн хойд хэсэгт сульфидийн илрэл олджээ. Энэхүү нээсэн цооногоор нийт 638 метрийн зузаан хэмжээтэй зэс-алтны эрдэсжилтийн давхаргад хүрсэн юм. Цааш үргэлжлүүлэн өрөмдлөгийн ажлыг хийснээр тухайн эрдэсжилт нь сунаж тогтсон, зэсийн өндөр агууламж бүхий хүдрийн биет болохыг тогтоожээ. Энэ хүдрийн биет нь Түркойз Хилл Рисурс (хуучнаар Айвенхоу Майнз) компанийн лицензийн талбайн хойд хил хүртэл бараг гурван км үргэлжилсэн байна.

Нээлт 3: Херуга орд

Дээд хэсэгтээ молибдений баялаг бүрхэвчтэй, доод хэсэгтээ зэс-алтны цөм бүхий хүдрийг 2007 оны  өрөмдлөгөөр илрүүлжээ. Тус цооног нь  өмнө илрүүлсэн ордын адил хойд чиглэлд сунаж тогтсон, сульфидээр баялаг материал агуулсан томоохон орд байж болох геофизикийн үзүүлэлтүүдтэй байв.

Нээлт 4: Шинэ орд

2008 онд өндөр агууламж бүхий зэс-алтны эрдэсжилттэй шинэ гүний бүсийг Херуга болон Өмнөд Оюугийн ордууд дунд илрүүлжээ.

Төслийн хэмжээ

Бие даасан судалгааны дүнгээс үзвэл Оюу Толгой нь ойролцоогоор 37 сая тонн зэс, 1300 тонн алтны тогтоогдсон, баталгаат нөөцтэй байгаа нь энэ төслийг 50 жилийн туршид үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж байна. Их хэмжээний нөөц, эх үүсвэртэй тул Оюу Толгой нь Рио Тинтогийн нөөцийн хувьд томоохон хэмжээний, урт хугацаанд үр өгөөжөө өгсөн, зардал багатай уурхай байгуулах шалгуур үзүүлэлтүүдэд нийцэж байгаа юм. Бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаа явуулж эхлэхэд Оюу Толгой нь дэлхийн зэсийн таван том үйлдвэрлэгчдийн нэг мөн алтны томоохон үйлдвэрлэгч болно. Уурхай, бусад байгууламжийн хэмжээний хувьд Оюу Толгой төсөл нь ойролцоогоор 8400 га газрыг хамарна.